2023.12.25 - 2023.12.29

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Хувьцааны ногдол ашгийн өгөөж болон бондын өгөөжийг харьцуулаад

харвал миний хувьд хувьцаанд ямар ч эргэлзээгүйгээр багцынхаа

дийлэнх хувийг хөрөнгө оруулах болно."

- Ларри Финк

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41437.42 нэгжид хүрч 6.63%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 10.31%-ийн өссөн үзүүлэлттэй хаагдлаа. Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.9 (37.6%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.7 их наяд төгрөгт хүрч, 6.3 (43.6%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны эхний 11 сард 18.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500 индекс 2024 оны арилжааны сүүлийн 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. Тус индекс ийнхүү 8-н 7 хоног дараалж өссөн нь 2004 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн өсөлт болж байна. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох 3-н индекс 2023 онд бүгд өндөр өсөлттэй хаагдлаа. Технологийн Nasdaq Composite индексийн хувьд 1971 он буюу индекс бий болсноос хойших 6 дахь хамгийн өндөр жилийн өсөлтөө 2023 онд үзүүллээ. Шинэ жилийн баярыг тохиолдуулан өнгөрөгч 7 хоногт хөрөнгийн зах зээлийн арилжааны дүн, ханшийн хөдөлгөөн зогсонги байдалтай байлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Санхүүгийн зах зээлийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ 2024 онд бууруулах хүлээлт нэмэгдсэний улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.41%-иар өссөн ба сүүлийн 2 жилийн дээд түвшнээ шинэчлэхэд тун ойрхон байна. Европын төв банкны бодлого боловсруулагч Мадис Мюллер Блүүмбергт өгсөн ярилцлагадаа Европын төв банк бодлогын хүүг дахин өсгөх магадлал бага хэмээн онцоллоо. Гэсэн хэдий ч тэрээр бодлогын хүүг бууруулж эхлэх талаар ярихад эрт байгааг мөн дурдлаа.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын төв банк Мөнгөний зөөлөн бодлогын байр сууриа цаашид хадгалах төлөвтэй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.89%, TOPIX индекс 1.28%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын төв банк богино хугацаатай зээлийн хүүгээ -0.1%-д хадгалах, өгөөжийн муруйн хяналтын бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хязгаарлах зэрэг бодлогын шийдвэрүүдийг баримталж байна. Тус улсын төв банкны ерөнхийлөгч тогтвортой инфляцын нөхцөл хангагдах хүртэл Мөнгөний хэт зөөлөн бодлогыг баримталсаар байх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын Засгийн газар онлайн тоглоомын шинэ зөвшөөрлийг зарлаж, тоглоомын салбарт үүсээд байсан тодорхойгүй байдлын эрсдэлийг намжаалаа. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.06%, CSI 300 индекс 2.81%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Эдийн засагчид БНХАУ-ын 2024 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.2%-иас 4.6%-руу хүрч буурна гэж таамаглаж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын асуудал болон өсөн нэмэгдэж буй дефляцийн дарамт нь 2024 онд тус улсын эдийн засаг удаашрах үндсэн шалтгаан болж байна.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын төв банкны бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг 0.75%-иар бууруулах хүлээлттэй байгаа билээ. Хүүгийн түвшин буурах хүлээлтийн улмаас АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 3.88%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)



ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.60%-д хүрч буурлаа. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжөө 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ

Бондын хөрөнгө оруулалт нь тогтмол өгөөжийг хөрөнгө оруулагчдад санал болгодог нэгэн төрлийн хадгаламж юм. Нөгөөтээгүүр хувьцаатай харьцуулахад хөрөнгө оруулагчдад эзэмшсэн хугацааны өгөөжийг олгодгоороо давуу талтай.


Иймд бид танд бодлогын хүүгээс өндөр хүүтэй, зээлжих зэрэглэлээр бидний шалгуурыг хангасан "Ти Ди Би Лизинг" ХХК-ийн бондын хөрөнгө оруулалтыг санал болгож байна. 


"Ти Ди Би Лизинг" ХХК нь олон улсын стандартад нийцсэн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Япон улсын "Mizuho Marubeni Leasing Corporation" болон "Худалдаа Хөгжлийн Банкны" хөрөнгө оруулалттай компани юм. 

Захиалга өгөх

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

 2023.12.28 


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.


Тэрээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016-2023 онуудад ажиллах хугацаандаа үнэт цаасны давхар бүртгэл, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсний зэрэгцээ Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаасыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон арилжаалах, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах төр засгийн бодлого, шийдвэрийн хүрээнд “МХБ” ХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй компани болгох зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.


Дэлгэрэнгүй

ХУВЬЦАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖААНЫ ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛАХААР БОЛЛОО

 2023.12.25 


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-д шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулан Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна. 


Ингэснээр 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр хийгдэх хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны үнийн дүнгээс үл хамааран 0.3 хувиар шимтгэл тооцож эхлэхээр боллоо.

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

BI: 2024 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2.7 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

 2023.12.27 


Энэ онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өсөх таамагтай байгаа бол ирэх онд үүнээс бага буюу 2.7 хувиар өснө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна.


2009 оны санхүүгийн хямрал, 2020 оны Covid-19 цар тахлыг эс тооцвол 2024 онд дэлхийн эдийн засаг 2001 оноос хойших хамгийн удаан өсөлтийг үзүүлэхээр байгаа аж. 


Ирэх 10 жилийн хугацаанд  дэлхийн эдийн засаг жилд дунджаар 3.1 хувийн өсөлттэй байна гэж  шинжээчид тооцоолж байна. Үүнтэй харьцуулахад 2015-2020 онд өсөлт 3.5 хувьтай байсан юм.

Дэлгэрэнгүй


УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ИДЭВХЖИЛ СУЛ ХЭВЭЭР БАЙГАА Ч 2023 ОНД ЯМАР КОМПАНИУД АХИЦ ГАРГАВ?

 2023.12.27 


2000-аад онд Монгол Улсын нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт түүнээс хойш уул уурхайн салбарт тасралтгүй шахагдсаар өдгөө экспортын ердөө долоон хувийг эзэлдэг болоод буй. Хэдийгээр энэ онд эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан ч уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байгаа нь санаа зовоох асуудал болохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна.

Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт  | Дилер